Энэ онд аймгийн төсвөөс 220 цэгт хөдөлгөөнт болон чиглэлийн, дугаар илрүүлэгчтэй 820 ширхэг камер суурилуулна. Аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа П.Мөнхбаяр: "Олон улсын стандартаар тооцож үзвэл аймгийн төв, 13 сумын хэмжээнд нийт 1270 ширхэг камер шаардлагатай" гэв.
Өнөөдрийн байдлаар аймгийн төв Хэрлэн сумын хэмжээнд 132 цэгт 482 камераар хяналт тавин ажиллаж байгаа юм. Үүний 385 нь ААНБ-уудынх. Цагдаагийн газраас санаачлан ийнхүү байгууллагуудтай хамтран ажилласны үр дүнд Цагдаагийн газар дээрх камерын нэгдсэн системдээ холбож чаджээ. Хэрэг зөрчил хамгийн ихээр бүртгэгддэг Читийн гудамж дагуух 32 байршилд ноднин жил камер суурилуулсан байна.
Энэ хүрээнд аймгийн Цагдаагийн газарт Камерын хяналтын дэд төвийг ашиглалтад оруулахад бэлэн болоод байна.
Түүнчлэн энэ жил Халхгол, Цагаан-Овоо, Чойбалсан, Сэргэлэн, Дашбалбар, Матад, Хөлөнбуйр сумд камержуулалтад төсөв тавьж, нийтийн эзэмшлийн гудамж талбайдаа байршуулж эхэллээ.